_destinationMain_1531304541278.jpeg&w=3840&q=75)
🇧🇷
Бразил Улс
Brazil
Сонирхолтой баримтууд
- Холбооны Бүгд Найрамдах Бразил улс нь 8,515,767 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай (дэлхийд тавдугаар байранд) Өмнөд Америк тивд байрладаг орон. Бразил улс Өмнөд Америк тив болон нийт Латин Америкийн хамгийн том газар нутагтай орон бөгөөд нийт 26 муж, холбооны үүргийн нэгдэл юм.
- Бразил улсын нийт хүн ам нь 212.7 сая бөгөөд тэдний 76.7 хувь нь христийн шашныг шүтдэг бол 21 хувь нь ямар нэгэн шашин шүтлэггүй. Бразил улс уг тоогоороо дэлхийн зургаа дахь хамгийн их хүн амтай орноор нэрлэгддэг.
- Тус улсын албан ёсны хэл нь португали хэл
- Олон улсын тавцанд 1825 онд бүрэн эрхт улсын хувиар албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн Бразил улс анхандаа хаант болон парламентын хосолсон засаглалтай байсан. Харин 1889 онд цэргийн эргэлтийн үр дүнд Бразил улс ерөнхийлөгчийн засаглалтай болсон.
- Бразил улс дэлхийд дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ 10-аар байранд, хүний хөгжлийн индексээрээ 84-ээр байранд жагсдаг.
- Бразил улсад дэлхийн хамгийн том багт наадам зохион байгуулагддаг. Уг багт наадам улаан өндөгний баяраас 51 хоногийн өмнөх баасан гарагийн үдээс хойш эхэлж гурав дахь өдрийн үд дундад дуусдаг. Эдгээр өдрүүдэд гудамжинд өдөр бүр 2 сая гаруй хүмүүс цугладаг.
- Фейжоада гэх үхэр, гахайн махтай шошны өтгөн шөл бол Бразилын үндэсний хоол.
- Бразил улс сүүлийн 150 жилийн турш үйлдвэрлэж буй кофеныхоо хэмжээгээр дэлхийд тэргүүлж байна. Тус улсын газар тариалангийн аж ахуй эрхлэхэд таатай уур амьсгал кофены үр их хэмжээгээр ургах нөхцөл байдлыг бүрэн бүрдүүлж өгдөг ба нэг бразил хүн жилд дунджаар 5.5 килограмм кофе хэрэглэдэг гэх тооцоо байдаг.
- Бразил улс хурааж авдаг жүрж жимснийхээ хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг.
- 2006 онд Бразил улс бүх төрлийн эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэдэг бие даасан улс болсон. Бразил улс хойноос урд зүгт сунасан хэмжээгээрээ (4,395 километр) дэлхийд тэргүүлдэг. Бразил улсын хамгийн өндөрлөг цэг бол далайн түвшнээс дээш 2,994 метрийн өндөрт байрладаг Амазон дахь Пико да Неблина уул. Мөн тус улсад ЮНЕСКО-д бүртгэлтэй 21 (14 соёлын, 7 байгалийн) дэлхийн үнэт өв байдаг.
- Бразил улсыг илтгэх хамгийн гол зүйлсийн нэг бол хөлбөмбөг. Бразилын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг ДАШТ-д нийт таван удаа түрүүлж байсан гэх амжилтаараа бусад шигшээ багуудыг тэргүүлдэг. Мөн Бразил улс ДАШТ-ийг хоёр удаа зохион байгуулж байсан ба бүх ДАШТ-д эрхээ авч оролцсон цор ганц улс юм.
- Бразил улсын төрийн далбаа ногоон, шар, цэнхэр, цагаан өнгөнүүдээс бүрддэг. Шар өнгө нь тус улсын байгалийн баялгийг, ногоон өнгө нь Бразилын үзэсгэлэнт байгалийг бэлгэддэг. Харин далбааны төв хэсэгт байрлах 27 ширхэг одтой дугуй өнгийн цэнхэр дүрс нь сансар огторгуйг илэрхийлдэг. Мөн тус дугуй дүрс дээр улсын уриа болох “Эмх журам ба хөгжил дэвшил” гэх үгийг португали хэлээр бичсэн байдаг.